>@EIB
  • Хамтын ажиллагааны хүрээнд олон хүнд үр өгөөжөө өгөх бэлчээрийн тогтвортой менежмент, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, аймаг сумдын төвийг хөгжүүлнэ.
  • Европын Холбооны Банкнаас 54.4 сая еврогийн эх үүсвэрийг батлав.
  • Ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойн менежментийг бэхжүүлэхээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн газартай Ойн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) Монгол Улстай хамтран ажиллах хамгийн том хэмжээний санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү санхүүжилтээр бэлчээрийн доройтол, даацын хэтрэлтийг шийдвэрлэх уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн ялгарал бууруулах орон нутгийн тэргүүлэх санаачилга, хөдөө аж ахуйн бизнест хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр бэлчээрийн даацаас тоо толгойг хэтрүүлсэн тогтворгүй мал аж ахуй, цаг агаарын эрс тэс байдал, хур тунадасны өөрчлөлт, сүүлийн 70 жилд дунджаар 2.1 хэмээр дулаарч буй зэргээс үүдэлтэй бэлчээрийн талхагдлыг багасгах  зорилготой юм.

Монгол Улсын Аймаг, сумдын хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжих зорилготой оруулалтын хөтөлбөрийн эхний шатны 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийг батлагдсан бөгөөд Европын Холбооны Хөрөнгө оруулалтын буцалтгүй тусламж сангаас 9.5 сая евро багтаж байна. Энэхүү хөтөлбөр нь нийт 735 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Азийн Хөгжлийн Банк, Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Европын Холбоо болон Уур амьсгалын ногоон санг хамтран санхүүжүүлж байна.

Европын Холбооны банкнаас олгож буй эх үүсвэрээр аймаг сумдын төвийн дэд бүтцийг шинэчлэх, тухайлбал, бохир ус цэвэрлэх байгууламж барих, худалдан авахуйц үнэ өртөг бүхий орон сууц барих, сургууль эмнэлэг зэрэг нийтийн өмчийн барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахад зарцуулна. Мөн үерээс хамгаалах байгууламж болон борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулах, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.

Орон нутгийн тогтвортой агро- бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдыг дэмжих юм.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх олон үйл ажиллагааны үр дүнд шууд болон шууд бусаар 160 мянган ажлын байр бий болгож, урт хугацаандаа 29 сая га газрын бэлчээр нутгийг сэргээн хамгаална хэмээн тооцоолж байна. Мөн үүгээр зогсохгүй, 40 жилийн хугацаанд ялгарах 126 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, нийтдээ 369 мянга хүн үр шимийг нь хүртэнэ гэсэн тооцоололтой байна.

Аймаг, сумдын хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн энэхүү хөтөлбөр нь дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжиж аймгуудын орлогыг нэмэгдүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд ЕХОБ-ны дэмжлэгийг нэмэгдүүлнэ.

Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод санаачилгыг дэмжих юм.

Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска гарын үсэг зурах ёслолын үеэр “ЕХОБ нь орон нутагт байгаль орчныг сайжруулах замаар Монгол Улсын хүн амын амьдралын чанарыг сайжруулахад тус нэмэр бүхий төслийг Азийн Хөгжлийн Банктай хамтран санхүүжүүлж байна. Энэхүү төсөл хот хөдөөгийн холболт, тогтвортой хот сууринг хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн шинэлэг цогц аргачлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төсөл нь  дэд бүтцийг шинэчилж, эдийн засаг, нийгмийн хөгжил, гол хотуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад эерэг нөлөөлнө. Өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг нь ойн доройтлыг бууруулах хамтын ажиллагааны суурь болж, улмаар уур амьсгалын чиглэлээрх Монгол Улсын чармайлт, ойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаагаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх болно.”

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Энэ жил Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна. Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Европын Холбоо Монгол Улстай илүү нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагийн нэгэн илрэл юм. Монгол Улсад энэ жил зудын гамшиг нүүрлэж байгаа нь аймаг, сумдын тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд тавьсан шинэ арга тогтолцоог хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд шийдвэртэй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Өнөөдөр гарын үсэг зурсан төслүүд яг эдгээр чиглэлийн хүрээнд хэрэгжих юм.” хэмээн онцлов.

Монгол Улсын Сангийн Сайд Б.Жавхлан  “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал Үндэсний хөдөлгөөн, Парисын хэлцэл болон тус улсын хөгжлийн бодлогын баримт бичиг болох Шинэ сэргэлтийн бодлогод туссан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт болон Ногоон хөгжлийн сэргэлтийн хөгжлийн зорилтуудтай нягт уялдсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөдөө орон нутагт хүн ам амьдрахад таатай орчныг бүрдүүлэх, хот, хөдөөгийн уялдаа холбоо, тээвэр, дэд бүтцийн холболтыг сайжруулах, дотоодын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээг хангах, импортыг орлох ногоон хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх үндэс болох юм. Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллахаар болсонд талархаж, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт туйлын итгэлтэй байна.” хэмээн уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлт болон хөдөө аж ахуйн хосолмол байдлаар хөгжүүлэлт хийх, Агро-ойн томоохон хэмжээний байгуулалт хийх, Ойн салбарт төр- хувийн хувьшил – оролцогч талуудын түншлэлийг харилцан ашигтай байдлаар бэхжүүлэх хүрээнд бүхий л талын байгальд ээлтэй татаасыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран сонирхолтой байна." хэмээв.

Суурь мэдээлэл

Европын Хөрөнгө Оруулалтын Банк

Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) нь Европын Холбооны урт хугацаатай зээл олгогч бөгөөд гишүүн орнуудын эзэмшлийнх юм. Тус Банк Европын Холбооны бодлогын зорилтуудыг дэмжих, түүнд хувь нэмэр болохуйц зохистой хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг. ЕХОБ-ны төслүүд өрсөлдөх чадварыг бэхжүүлж, инновацыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг дэмжиж, нийгмийн ба нутаг дэвсгэрийн уялдааг сайжруулж, шударга бөгөөд түргэн уур амьсгалд ээлтэй шилжилтийг дэмждэг.

ЕХОБ-ны Глобал санаачилга           

 ЕХОБ-ны Глобал санаачилга нь Европын Холбооноос гадна бүс нутагт үйл ажиллагаа явуулах, Европын Холбооны Дэлхийд Гарах Гарц стратегийн гол түнш юм. Энэ хүрээнд 2027 ондоо багтаан хамгийн багадаа 100 тэрбум еврогийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа, Дэлхийд гарах гарц стратегийн зорилтын гуравны нэгтэй тэнцэнэ. ЕХОБ-ны Глобал санаачилга нь Европын Багийн хүрээнд хөгжлийг санхүүжүүлэгч бусад байгууллага, иргэний нийгэмтэй эрчимтэй түншлэлийг дэмжиж ажилладаг. ЕХОБ-ны Глобал санаачилга нь дэлхий даяарх салбаруудаараа дамжуулан ЕХОБ-ны бүлгийг улс орнуудын олон нийт, компаниуд, байгууллагуудтай ойртуулдаг билээ.

ЕХОБ-ны үйл ажиллагаа Монголд

ЕХОБ Монгол Улсад 2014 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 144 сая еврогийн санхүүжилт олгожээ. Европын Хөрөнгө Оруулалтын Банкны санхүүжилттэй төслүүдээс дурдвал Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл, Сайншандын салхи нарны сэргээгдэх эрчим хүчний төсөл, өнөөдрийн гарын үсэг зурж буй Монгол Улсын аймаг сумдын ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийг дурдаж болно.

Европын Холбооны Дэлхийд гарах гарц стратеги (Global Gateway)

ЕХОБ-ны Дэлхийд гарах гарц стратегийг хэрэгжүүлэх нэг гол хэрэгсэл нь ЕХОБ-ын Глобал санаачилга бөгөөд цахим хөгжил, уур амьсгал, тээвэр, эрүүл мэнд, эрчим хүч, боловсролын салбарт дэлхий дахины болон бүс нутгийн холболтыг сайжруулахад чиглэсэн зохистой төслүүдийг дэмждэг. Холболт уялдааг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх нь ЕХОБ-ны Глобал санаачилгын үйл ажиллагааны гол зангилаа ба үүнийг 65 жилийн баялаг туршлагад суурилан хэрэгжүүлж байна. Европын Холбоо, гишүүн орнууд, түншүүдийн хамт  ЕХОБ нь 2027 он дотор 100 тэрбум еврогийн санхүүжилтийн (Дэлхийд гарах гарц стратегийн зорилтын гуравны нэг) дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүнд Ази тивд олгох хөрөнгө оруулалт багтана.