- Европын Холбоо болон Монгол улсын хамтарсан Бизнес, хөрөнгө оруулалтын форумын үеэр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) Глобал болон Монгол улсын засгийн газар хамтран Монгол улсын ногоон шилжилтийг эрчимжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх зорилготой санамж бичгийг байгууллаа.
- Монгол улсын иргэд болон бизнесийн байгууллагуудыг хямд үнэтэй, цэвэр, найдвартай эрчим хүчээр хангах гол зорилготой энэхүү түншлэл нь цаашдаа томоохон, шинэ хөрөнгө оруулалтуудыг татах чухал ач холбогдолтой юм.
- Түүнчлэн санамж бичиг нь Европын Холбооны Global Gateway стратегийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу Монгол улсын Алсын хараа 2050 хөгжлийн бодлогыг дэмжих юм.
Европын Хөрөнгө оруулалтын Банкны хөгжлийн салбар болох ЕХОБ Глобал нь Монгол улсын засгийн газартай хамтран Монгол улсын ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн дэвшилтэт цахилгаан хангамжийн сүлжээ, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл болон бусад төсөлд нийт 1 тэрбум евро хүртэлх санхүүжилтийг олгох санамж бичгийг үзэглэсэн. Монгол улсын ард иргэд болоод бизнесийн байгууллагуудыг хямд үнэтэй, цэвэр, найдвартай эрчим хүчээр хангах энэхүү түншлэл нь Европын Комиссын бүрэн дэмжлэгтэй хэрэгжих бөгөөд цаашдаа томоохон, шинэ хөрөнгө оруулалтуудыг татах чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Европын Холбоо болон Монгол Улсын хамтарсан Бизнес, хөрөнгө оруулалтын анхны форум дээр байгуулсан уг санамж бичиг нь ЕХ-ны Global Gateway стратеги, Монгол улсын Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын хүрээнд Монгол улс болон ЕХОБ Глобалын хамтын ажиллагааг улам ойртуулах суурийг тавьж байна. Монгол улсын эрчим хүчний эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх гол зорилго бүхий эл санамж бичгийн хүрээнд хямд үнэтэй, найдвартай, цэвэр эрчим хүчээр хангахаас гадна дижитал, тээвэр, эрүүл мэнд, боловсрол болон судалгаа зэрэг Глобал гарц стратегийн бусад чухал талбарт хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх давуу талтай.
ЕХОБ-ны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска: "Монгол улс бол уур амьсгалын хувьд тэсвэртэй, тогтвортой нар болон салхины сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асар их боломжтой улс. Global Gateway стратегийн хүрээнд энэхүү түншлэлийг хэрэгжүүлснээр бид Монгол улсын ногоон шилжилтийг эрчимжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэн шинэ боломжуудыг нээхэд хувь нэмрээ оруулж байна".
Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Ина Марчюлёните: "Энэхүү санамж бичиг Европын Холбоо болон Монгол улс хоорондын стратегийн ач холбогдол бүхий хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ тус улсын иргэдэд бодит үр өгөөжийг авчирна. Европын Холбооны мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний боломжтой хослуулснаар бид шинэ санаачилга, эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой өсөлтийг дэмжиж, чанартай ажлын байр бий болгох, чухал ур чадвар хөгжүүлэх, Монгол улсын ирээдүй болон бүс нутгийн хөгжилд нөлөөлөх чадавхыг бэхжүүлж байна".
Монгол улсын Шадар сайд Т.Доржханд: “Эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, айл өрх болон бизнесийн байгууллагуудыг найдвартай, хямд үнэтэй эрчим хүчээр хангах нь үндэсний нэн чухал зорилт юм. ЕХОБ Глобал болон ЕХ-той эхлүүлж буй энэ хамтын ажиллагаа нь 1 тэрбум хүртэлх евро бүхий хөрөнгө оруулалтыг эхлүүлээд зогсохгүй Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглах, хувийн хэвшлүүдийг дэмжих, эрчим хүчний системээ шинэчлэх, ногоон эдийн засагт ажлын байр бий болгоход дэмжлэг болно. Энэхүү хамтын ажиллагаа нь бидний тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй ирээдүйд хөтлөх аяллын нэг томоохон, чухал алхам бөгөөд Монгол улсын цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтийн тэмдэглэлт үе шат юм" гэлээ.
Энэхүү санамж бичгийн дагуу ЕХОБ Глобал нь Монгол улсын холбогдох байгууллагууд болон түншүүдтэй хамтран нэгтгэж, тэргүүлэх чиглэлийн төслүүдийг тодорхойлж, бэлтгэх бөгөөд үүнд цэвэр эрчим хүч болон хувийн хэвшлийн хөгжлийг онцгойлон анхаарч, Global Gateway стратеги болон Монгол улсын Алсын хараа 2025 бодлогын бусад талбар дахь хамтын ажиллагааг дэмжих болно. Хөрөнгө оруулалтын эцсийн дүн нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр Монгол талын түншүүдтэй хамтран хөгжүүлэх бэлтгэл төслийн саналуудаас хамаарна. 1 тэрбум хүртэлх еврогийн хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн урьдчилсан байдлаар илэрхийлсэн тоо бөгөөд үүнээс үүдэн ямар нэгэн албан ёсны санхүүгийн үүрэг хүлээхгүй болно.
Үндсэн мэдээлэл
ЕХОБ Глобалын тухайд
Европын Хөрөнгө оруулалтын Банк (ЕХОБ) нь Европын Холбооны урт хугацааны зээл олгогч байгууллага бөгөөд ЕХ-ны гишүүн орнуудын хамтын өмч юм. ЕХОБ нь ЕХ-ны бодлогын зорилт зорилгуудад хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлдгээрээ онцлогтой.
ЕХОБ Глобал нь Олон улсын түншлэл, хөгжлийн санхүүжилтийн нөлөөг нэмэгдүүлэхэд зориулсан ЕХОБ Группийн хөгжлийн салбар бөгөөд Global Gateway стратегийн гол түнш юм. ЕХОБ 2027 оны сүүл гэхэд нийт €100 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт бүхий дэмжлэгийг улс орнуудад үзүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь ЕХ-ны санаачилгын хүрээнд баталсан, үндсэн зорилтот дүнгийн гуравны нэгийг бүрдүүлэх юм. Европын Баг (Team Europe)-ийн хүрээнд ЕХОБ Глобал нь бусад хөгжлийн санхүүгийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран бат бөх, төвлөрсөн түншлэлийг хөгжүүлдэг. ЕХОБ Глобал нь дэлхий дахинаа салбарласан оффисуудаараа дамжуулан ЕХОБ Группийг олон нийт, компаниуд хийгээд институтүүдэд ойртуулж буй билээ.
Хэвлэн мэдээлэх зорилгоор ЕХОБ-ны төв оффисын зургуудыг ашиглах бол энд дарна уу.
EIB Global signs memorandum of understanding with Mongolia to unlock up to €1 billion for clean energy transition
©EIB
Télécharger original
EIB Global signs memorandum of understanding with Mongolia to unlock up to €1 billion for clean energy transition
©EIB
Télécharger original
EIB Global signs memorandum of understanding with Mongolia to unlock up to €1 billion for clean energy transition
©EIB
Télécharger original
EIB Global signs memorandum of understanding with Mongolia to unlock up to €1 billion for clean energy transition
©EIB
Télécharger original
EIB Global signs memorandum of understanding with Mongolia to unlock up to €1 billion for clean energy transition
©EIB
Télécharger original